Төв аймгийн Лүн сумын нэгдүгээр багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 403 дугаар ангийг сурвалжлах боломж тохиолоо. Бид 403 дугаар ангийг Авдрантын хорих гэдгээр андахгүй сайн мэддэг. Авдар уулын нэгэн мухарт байрлах энэ хорих ангид 170 гаруй хоригдол хүмүүжиж байна. Авдрантын хориход халхын засрашгүй "сайн эрс"-ийг хоригдож, хүмүүжиж байсныг хүмүүсийн ам дамжсан ярианаас гадарлана. Цагтаа монголын хамгийн хатуу чанга хорихын нэг байсан Авдрант өдгөө жирийн дэглэмтэй болжээ. Хуучин гяндан байсан хорих балгас мэт харагдаж байна. Харин одоогийн хорих ангидаа нилээд засвар хийсний эцэст өнгөрсөн жил орсон гэнэ.
"Авдрантын хорих анги газар зүйн байрлалаас үүдэн тун хэцүү нөхцөлд ажилладаг. Хотоос зайтай учир энд ажиллахаар томилогдсон ажилчид гэр бүлээсээ, үр хүүхдээсээ хөндий амьдрах шаардлага гардаг. Гэр бүлээрээ суурьшаад ажиллая гэтэл эхнэр хүүхдэд нь ажил олдохгүй. Тиймээс боловсон хүчний хувьд тун хүндрэлтэй. Одоогийн байдлаар Авдрантын хорих ангийн ажилчдын тавин хувь нь мэргэшээгүй ажилчид байна. Мэргэшсэн, олон жилийн туршлагатай боловсон хүчин ажиллаж байж, хоригдлуудыг засч хүмүүжүүлж, нийгэмшүүлнэ. Гэтэл хотоос хол байрладаг учир ажилчид удаан тогтоно гэж үгүй. Манай ажилчдад гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал, халамж тавих боломж байдаггүй. Бараг л хүүхдээ хэддүгээр ангид сурч байгааг нь мартдаг нь энгийн үзэгдэл болох нь" гэж ярих энэ хүнийг Авдрант буюу ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга хурандаа Г.Тамир гэдэг.
Хорих анги 57 ажилтан, албан хаагчтай. Түүнээс 18 нь гэр бүлээсээ, 15 нь үр хүүхдээсээ хол амьдарч, ажил үүргээ гүйцэтгэж байна. Авдрантад Төв аймгийн Лүн сумын харьяа хүүхдийн цэцэрлэг бий. Харин хүүхэд сургууль ормогц сумын төв юм уу эсвэл аав, ээжийнхээ амьдарч байгаа газар луу явуулдаг байх юм. Ажилчид үр хүүхэд, хань ижилтэйгээ утсаар холбоо барина. Гэхдээ гэртээ сууж байгаад тухтай ярих боломж байхгүй. Учир нь сүлжээ барьдаг нэг цэгтэй. Тэндээ очиж байж ярина. Орчин үеийн техник, технологи, интернет гэж огт байхгүй. Ажилчид цалингаа авахын тулд заавал төв суурин газрыг зорих болдог. Учир нь төрийн албаны хуулиар ажилчдын цалин заавал дансанд, картанд орох ёстой. Гэтэл Авдрантын хорих анги дээр АТМ, банк байхгүй.
"Манай ажилчид цалингаа авахын тулд нэг өдрийн цалингаа хасуулдаг. Цалингаа авахаар төв суурин явахын тулд надаас чөлөө авна. Чөлөөтэй ажил хийгээгүй хүний цалин өгөх эрх надад байдаггүй" гэдгийг ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга Г.Тамир ярилаа. Цалингаа авахын тулд цалингаа хасуулна гэж энэ амьдралдаа ёстой төсөөлж, бодож байсангүй. Гэвч орон нутгийн хорих ангиудын хувьд энэ бол энгийн үзэгдэл болжээ.
"Соц" нийгмийн үед чанга дэглэмтэй хорих ангиудын хоригдлуудыг хүнд хүчир ажил хийлгэн, хүмүүжүүлдэг байжээ. Тиймээс хорих ангиудыг ихэвчлэн уурхай дагасан уулын мухарт барьдаг байж. Гэхдээ ангийн хорихын зориулалтаар бус. Ямар нэгэн стандарт, шаардлага хангахгүйгээр уулын чулуу, тоосго зэргээр барьдаг байжээ. Тиймээс одоогийн хорих ангиудын барилга нэгэн зэрэг муудсан гэнэ.
Авдрантын хорих ангийн хоригдлуудын байраар орлоо. Төсөөлж байснаас огт өөр юм. Хоригдлууд тусдаа цоожтой өрөөнд амьдардаг биз гэж төсөөлж байлаа. Гэтэл нийтийн байр мэт, бүгд нэг дор шахуу амьдарч байна. Хооронд бага зэрэг ханаар тусгаарласан байх аж. Авдрантын хорих ангид 120 хоригдол хүлээн авах боломжтой. Харин өдгөө 170 орчим хоригдол хүмүүжиж буйг дээр дурдсан. Зуны улиралд хоригдлууд Авдар ууланд орших Боржин чулуу олборлох үйлдвэрт ажилладаг учир багтаамж стандартын дагуу байж чаддаг гэнэ. Боржин чулуу олборлолт улирлын чанартай учиртай өвөлдөө одоогийн тавьж стандарт хэтэрдэг аж.
Хоригдлууд ажил хийхийг хүсч байна. Энэ нь өдөр хоног хурдан өнгөрөхөд, хүмүүсийн хохирлыг нөхөн төлөхөд хэрэгтэй гэж ярьж байлаа. Мөн ажил хийвэл мөнгө олж ар гэрийнхэндээ явуулах боломж бүрдэх гэнэ. Гэтэл ажил олдоггүй. Улаанбаатар хотоос 150 гаруй км-ын цаана байх Лүн сумын Авдар хэмээх уулын мухраас хэн л хоригдол авчраад ажил хийлгэх билээ. Сумын төвд ажил хийнэ гэдэг боломжгүй зүйл. Учир нь сумын залууст нь хүртэл ажил олдохгүй байгаа цаг үе.
Хоригдлуудаа сургалт зохион байгуулъя гэтэл хотоос хол учир очдоггүй гэнэ. Энэ нь хоригдлуудад сургалт зохион байгуулах талаар улсаас төсөв мөнгө өгдөггүйтэй холбоотой. Тэгээд л сайн дурын байгууллага, буяны байгууллага, төрийн бус байгууллагуудыг гуйж хааяахан сургалт зохион байгуулдаг байна. Гэтэл сургалт зохион байгуулагч хотоос ирж, очихын 300 орчим км зам туулах учир хол унд, унааны хөлс зохицуулж өгөөч гэдэг. Гэтэл төсөв байдаггүй гэнэ. Хоригдлуудад архины нөлөөллөөс гарах, гэр бүлийн хүчирхийллийн талаар сургалт зохион байгуулж, лекц сонсгож байвал нийгэмших, ухаарахад тус болно гэж үздэг ч тусгай төсөв байхгүйгээс чадахгүйд хүрдэг гэдгийг ШШГЕГ-ын 403 дугаар ангийн нийгмийн ажилтан ярьж байлаа.
"Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн төвлөрсөн хорих барих асуудлыг манай анги бүгдээрээ дэмжиж байна. Ер нь бол хотоос зайтай хорих ангийнхан бүгд дэмжинэ дээ. Монгол Улсын хэмжээнд 25 хорих анги байна. Үүнийг нэгтгэвэл төсөвт маш их хөрөнгө хэмнэх боломжтой. 25 хорих ангийн дарга, ажилчид, төсөв, барилгын байгууламжийн урсгал зардал, хоригдлын хоол хүнсийг тээвэрлэх, хоригдол зөөх гээд маш их хөрөнгө үрдэг. Үүнийг шийдвэрлэх боломжтой. Хэрвээ төвлөрсөн хорих анги баривал одоогийн олон газар хуваарилдаг төсөв багасч, удахгүй зарлагаа нөхөх боломжтой" гэдгийг сурвалжлагын төгсгөлд Авдрант буюу ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга Г.Тамир онцолж байлаа. Ийнхүү амьдралдаа хазгай гишгэсэн аавын хөвгүүдийг засч буй Авдрантын хорих ангиас явлаа. Алдаа гаргасан хүнийг засч авах нь бүх нийтийн ажил. Гэвч засч, залруулахад энэ мэт учир дутагдал их юм. ШШГЕГ-ын хотын хол орших нэг л хорих ангийн жишээ бол Авдрант юм. Алдсан аавын хөвгүүдийг "алаг үзэлгүй", хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхийн төлөө жилийн 365 хоногт 24 цагийн турш хүчин зүтгэж буй албан хаагчдаа Монголын төр мартжээ. Тэд шоронд хоригдоогүй ч хоригдол мэт хүчин зүтгэсээр байх ажээ.
Б.ОЙНБИЛЭГ
0 comments:
Post a Comment