Советийн хурлаар юу яригдах бол?
3 минутын өмнө
"Совет"-ийн хурлаар хувь нийлүүлсэн компаниудын үйл ажиллагаа болон ирэх оны чиглэлийн талаар хэлэлцэх болов уу гэсэн таамаглалтай албаны хүмүүс сууж байгаа. Тэгвэл ажиглагчдын зүгээс хоёр улсын Засгийн газар хоорондын хурал хувь нийлүүлсэн компаниудын үйл ажиллагаа гэхээсээ өөр асуудалд анхаарал хандуулж байгаа гэх "мессеж"-ийг өгч буй.
Монгол Улсын Засгийн газраас "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь урд, хойд хөршийнхөө анхаарлыг татах болсон. Энэ төсөлд хамтран ажиллахын тулд урд, хойд хөршийн зүгээс өөрсдийнхөө сонирхлыг ил далдаар илэрхийлж байгаа. Хэдийгээр урд хил рүү, өргөн царигтай төмөр зам тавина гэсэн шийдвэрийг 2010 онд өмнөх парламентаар гаргасан ч одоо болтол эдийн засагчид болоод улстөрчдийн дунд энэ сэдэв хэрүүлийн алим хэвээр байгаа юм. Тиймээс энэ удаагийн "Совет"-ийн хурлаар хүссэн ч эс хүссэн ч энэ асуудал дахин хөндөгдөх болов уу, энэ далимаар оросууд ч барьцаа лавшруулахаар оролдох байх гэсэн яриа бий. Ялангуяа сүүлийн үед эдийн засгийн хүрээнийхэн болоод мэргэжлийнхэн нарийн царигтай төмөр замын асуудлыг хөндөх болсноор оросуудын хувьд намар оройхны Улаанбаатарыг зорих шалтгаан болсон байж ч магадгүй. Хурлын бэлтгэл ажлыг ерөнхийдөө ТӨХ хариуцан ажиллаж байгаа юм байна. Тэдний зүгээс товлогдсон хугацаанд өөрчлөлт орж магадгүй гэдгийг ч дуулгасан.
Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийг тойрсон дуулиан болоод байгаа зарим асуудлыг "Совет"-ийн хурлаар хөндөж магадгүй аж. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авахдаа Монголын "Жаст" компани "Эрдэнэт" хувь нийлүүлсэн үйлдвэрийг барьцаанд тавьсан нь зөвхөн монголчуудын төдийгүй оросуудыг ч алмайруулахад хүргээд буй. Энэ гэрээнд Монголын талаас ТӨХ-ны дарга Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ч.Ганзориг болон Оросны талын нэгэн захирал ч хамсаатан болоод байна. Тиймээс "Совет"-ийн хурлаар "Эрдэнэт"-ийг тойрсон асуудлууд мөн тус үйлдвэртэй холбоотой хэргүүдийн талаар халуухан яриа өрнөх шинжтэй байгааг албаны эх сурвалж дуулгасан. Учир нь хувь нийлүүлэгч талынхаа хувиар "Эрдэнэт"-ийг тойрсон хууль бус асуудлуудын хүрээнд оросуудын зүгээс монголчуудаас тайлбар авч магадгүй нь бололтой.
Хувь нийлүүлсэн компаниудын хувьд гадаад, дотоод хүчин зүйлс, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болоод орлого нь багассан гэх мэдээлэл байгаа юм.
Дэлхийн зах зээлд зэсийн ханш бага байгаа нь ашиг орлогод сөргөөр нөлөөлсөн бололтой. Энэ хурлын үеэр яригдах бас нэг сэдэв нь Асгатын мөнгөний орд. Энэ орд руу дэд бүтэц тавьж эхэлсэн гэх мэдээлэл бий. "Монголросцветмет" нэгдлийн мэдэлд байдаг энэ ордыг стратегийн гэх тодотголоос авч хаях саналыг оросуудын зүгээс удаа дараа дэвшүүлсээр ирсэн билээ. Гэхдээ "Эрдэнэт" болон "Монголросцветмет" нэгдлийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах талаар энэ удаагийн хурлаар оросууд санал гаргаж ярилцах болов уу гэсэн таамаглал байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед болж байгаа "Совет"-ийн хурлаар юу хэлэлцэх вэ гэдэг нь яг таг тодроогүй байгаа ч ажиглагчдын зүгээс дэвшүүлсэн таамаглалаас харахад байдал ерөнхийдөө халуухан уур амьсгал дунд өрнөх дэг.
Ж.НЯМСҮРЭН
0 comments:
Post a Comment