Tuesday, October 29, 2013

Төсөлдөх үү?

8 минутын өмнө

Нэг сайхан "төсөлдөх" юмсан. Тэр нь замынх бол бүр зүгээр. Тэгээд тэрбумын өртөгтэй бол болоод л  явчихлаа гэсэн үг. Сүүлийн үед "Гудамж" төслийн хүрээнд тавьж байгаа замуудыг хараад  би ингэж боддог болчихоод байгаа.  Зам тавиад л байдаг, тавьсан зам нь нэг жил бололгүй цуураад, эвдрээд байдаг. Энэнийг юу гэж ойлгож, дүгнэх болж байна вэ. Зам тавиад байна уу, мөнгө хумслаад байна уу, ёстой чөтгөр бүү мэд ээ.

Өнгөрсөн өвөл Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг олж ирсэн. Энэ хөрөнгийг олон салбарт, олон төсөлд зарцуулж байгаагийн нэг нь "Гудамж".  Нийслэлийн иргэдийн ая тухтай байдлыг хангах, орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдыг сайжруулах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж бондын хөрөнгөөс 200 сая ам.долларыг зарцуулж байгаагаа төсөл хэрэгжүүлэгчид ярьдаг.   Төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс энэ жилдээ  16 уулзварыг ашиглалтад оруулахаар болсон. Үүний  хамгийн сүүлчийнх  болох ТЭЦ3-ын зүүн урд талын уулзварыг шинэчлэх ажил бүрэн дуусч, нээлтээ хийлээ. Уулзварын хэсэгт 11640 ам метр талбайд зам барилгын ажил гүйцэтгэж, асфальт бетон хучилт, авто замын босоо, хэвтээ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж, шинээр явган зорчигчийн замтай болгосон байна. Энэ уулзвараар урагш хөндлөн гарч буй замыг Туул голын хойд эрэг дагуу баригдах хурдны замтай холбохоор төлөвлөж байгаа гэнэ. Замын зураг төслийг  "Ар Си Эс Си" компани боловсруулж, зам барилгын ажлыг "Рок пэйнт" гүйцэтгэжээ.

Ийнхүү "Гудамж" төслийнхөн энэ жилийнхээ төлөвлөгөөт ажлыг ерөнхийдөө дуусгаад байгаа гэх. Төслийн хүрээнд нийслэлийн 16 замын уулзварыг шинэчилж чадсан байна. Гэхдээ нэг уулзварыг 1-1,5 тэрбум төгрөгөөр нийтдээ 16 уулзварыг 16-20 тэрбумаар засварласан нь арай л дэнджээ. Тавьсан зам, зарцуулсан хөрөнгийг нь хооронд нь харьцуулахад шүү дээ.  Ийм их хөрөнгө зарцуулсан замууд нь тэгээд хэдэн жилийн нар салхины аяыг даах вэ.  Энэ асуултад итгэлтэйгээр хариулж чадах албаны хүн байна уу. Замын уулзваруудыг зассан л гэнэ, сайжирсан л гэнэ. Хамгийн гол нь нэг уулзварыг нэг тэрбумаар засварласны төлөө гүйцэтгэгч компаниудад нийслэлчүүдэд хэдэн жилийн баталгаа өгч чадах вэ гэдэг сонин байна.  "Гудамж" төслийн хүрээнд тавьсан замуудад борооны ус зайлуулагч байгаа эсэх талаар албаны хүмүүсээс хариулт авмаар л байна.Даанч тэд нийслэлийн ой гээд завгүй байгаа бололтой, утсаа авахгүй юм.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинээр тавьсан болон засвар хийсэн бүх замуудад шалгалт хийсэн талаараа өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд танилцуулсан. Шалгалтныхны хэлснээр шинээр тавьсан бүх замууд шаардлага хангахгүй байсан гэх.  Яахаараа ч нэг тэрбум төгрөгөөр барьсан  замууд нь шаардлага хангадаггүй юм, гайхмаар.  "Гудамж" төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн Хүй долоо худагийн зам гэхэд л чанаргүй баригдсаныг шалгалтынхан илрүүлснээ хэвлэлийнхэнд дуулгасан.  Налайх-Тэрэлж чиглэлийн 30 км замд ан цав гарсан,  Баянхошуу чиглэлийн 3.4  км авто замын хатуу хучилт жил болоогүй эвдэрсэн нь  зам тавьж байгаа нь ч, замаа бариулж буй нь ч, ашиглалтад авсан нь ч аль аль нь нүглийн нүдийг гурилдаад өнгөрсөн бололтой.  Уг тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарцуулсан зам шүү дээ.  Шалтгалтынхан энэ талаар  "Улсын мөнгийг үр ашиггүй зарцуулсан" гэдэг дүгнэлт гаргасан байна лээ. Хэн ч бодоожоор авсан зээлээ хамгийн түрүүнд зардлаа нөхөх төсөлд  хөрөнгө оруулах ёстой байх. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлээс олж ирсэн мөнгөө эдийн засгийн чухал үр ашигтай төсөлд зарцуулах нь эргээд  үндсэн мөнгө, мөнгөнийхөө хүүг төлөхөд дэмжлэг болох байжээ.  "Гудамж" төслийн хүрээнд нийслэлийн замууд гял, цал болоод байгаа гэсэн үнэндээ бондын хөрөнгөөр замын компаниуд "тансаглаад" өнгөрчихөв үү гэсэн харыг мэргэжлийн хяналтын байцаагч нарын хийсэн шалгалтын дүн төрүүлж байна.  Энэ бүхэн бондын мөнгөөр "боодог" хийччихний нэг илрэл гэлтэй. Гэхдээ алийн болгон төсөлдөөд, "гурил"-даад амьдрах билээ дээ, монголчууд минь.

Ж.НЯМСҮРЭН

0 comments:

Post a Comment