Өнөөдөр Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явц, Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт гаргасан иргэдтэй төвийн 6 дүүрэгт уулзалт зохион байгуулсан тухай холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын засвар хийгдэж байгаа бол , төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийгдэж байгаа юм. 7 сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засвар ажил энэ сарын 5-аас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн засварын ажил төлөвлөсөн хугацаанаас хойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил 45 хувьтай, урсгал засварын ажил 75 хувьтай явж байна. Нийслэлийн Боловсролын газарт нийт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил хийх санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийг баталжээ. Иймд батлагдсан хөрөнгийн дагуу барилгын засварын ажлыг эхлүүлсэн байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Харин эмнэлэгүүдийн хувьд энэ жил Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн "Эрүүл мэндийн нэгдэл"-ийн барилгуудад их засварын ажил эхэлжээ. Мөн Клиникийн 1-р амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэлтийн зураг төсөв батлагдсан ч хоёр удаагийн тендерээр гүйцэтгэгч шалгараагүй байна. Тиймээс шууд гэрээ байгуулан 7 сарын 19-нөөс засварын ажлыг эхлүүлжээ.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн төвийн 6 дүүргийн 154 иргэнийг Засаг даргын орлогч нар хүлээн авч, санал хүсэлтэд нь хариу өгчээ.
Орон сууц хүссэн болон газрын маргаан, барилга, хот төлөвлөлтийн талаар гомдол, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүртэй нийслэлийн Засаг даргын орлогч нар нэг бүрчлэн уулзаж, хуулийн дагуу хариу өгч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг судлан яаралтай хариу өгөхөөр болжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment