Ардчилсан намынхан "Ардчиллын өргөө"-нийхөө шавыг 2009 оны арванхоёрдугаар сарын 06-ны жавар тачигнасан өдрийн 12 цаг 06 минутад буюу морин цагт хийж байсан билээ. Тэр цагаас хойш бараг 4 он улирч, АН-ынхан хэд хэдэн сонгуульд ялалт байгуулсан ч, нөгөөх өргөө нь сүндэрлэсэнгүй. Шав тавих ёслолын ажиллагааг нээж Ардчилсан намын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ Ардчилсан намын байр ард түмний өргөө байх болно гэдгийг онцолж байсан. Гэвч ард түмэн өнгөрсөн жилүүдэд өргөөтэй болсонгүй. 12 оны сонгуулиас өмнө дуусгана гэж байсан ч, СТӨ-ний хүзүүвчин дэх нураасан балгас тэрчигтээ л байж байгаа. Тэгээд зогсохгүй АН ерөөсөө өргөөтэй болохгүй гэсэн агуулгатай мессеж энэ оны хавраас эхлэн гадагшлах болсон. Тэр нь Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор хамгийн анхаарал татсан асуудал болох намуудын санхүүжилт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалтай хамаатайгаар яригдсан юм. Тодруулбал, одоогийн парламентад суудалтай намууд төрөөс санхүүжих төдийгүй байр савны хувьд нэг газар төвлөрөн байрлах, тэр тусмаа төсвөөс 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч баригдсан ''Тусгаар тогтнолын ордон''-д төвлөрөн байрлах талаар яригдсан билээ.Тэгвэл намрын чуулганаар Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг батласнаар энэхүү яриа бодит ажил хэрэг болгох тухай бор шувуу улстөрийн хүрээнээс гарч байна.
Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын "Ардчиллын өргөө" сүндэрлэх учиртай газрыг Улаанбаатар хотын банк худалдсан авсан гэх мэдээлэл байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд заасан дүрмийн сангийн доод хэмжээ 8.0 тэрбум төгрөгийг ханган ажиллаж байгаа Улаанбаатар хотын банкны ил харагдах хувь эзэмшигчдийг нь танилцуулбал:
-79.9 хувийг нь Д.Эрдэнэбилэг
-20 хувийг нь Улаанбаатар сан
-0.01 хувийг нь Д.Батжаргал тус тус эзэмшдэг. Гэхдээ цаад жинхэнэ эзэн нь Женко Х.Баттулга гэгддэг. Учир нь "Жеральд металз лугано" Худалдаа хөгжлийн банкыг манай улсаас анх 12 сая доллараар аваад Х.Баттулгад 70 сая ам.доллараар зарсан түүх байдаг. Гэтэл Улаанбаатар хотын банкны 79.9 хувийг нь эзэмшигч гэгдэх Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны эзэн гэх тодотголыг өнгөрсөн хугацаанд зүүж ирсэн. Уг нь анх "Улаанбаатар банк"-ыг нийслэлийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулсан ч, өдгөө нийслэлийн эзэмшлийн хэмжээ 16 хувьд хүрч буусан гэх ч мэдээлэл бий. За ямартай ч Х.Баттулгын банкны бизнесийн хамтрагч нь өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гэх мэдээлэл тэдний ойрын хүрээнээс гарсаар ирсэн.
Тэгэхээр Ардчилсан намын "Ардчиллын өргөө"-ний газар дээрх эрх мэдэлтнүүдийн эзэмшлийнх болсон байх магадлалтай байгаа юм.
Тэрчлэн Улс төрийн намуудын тухай, Улстөрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг АН-ын УИХ дахь бүлгийн зүгээс хоёр хувилбараар боловсруулсны цаана бизнесийн эрх ашиг ч нуугдаж байгааг үгүйсгэх арга алга. Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд санал хураасан ч гишүүдээс 50 –иас дээш хувийн дэмжлэг хүлээж чадалгүй төсөл унасан ч, энэ намрын чуулганаар Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барихаар төсөл санаачлагчид зэхэж суугаа.
Харин энэхүү төсөл өргөн баригдсанаар МАН-ын "Тусгаар тогтнолын ордон"-д парламентад суудалтай бусад намууд төвхнөх асуудал өндөр түвшинд яригдах бололтой. Ер нь бол тус хуулийн агуулга нь намыг хатуу гишүүнчлэлгүй болгох, намын санхүүжилтийн талаар тодорхой тусгаж, цаашид парламентад суудалтай болон суудалгүй намуудын мөрдөх дүрмийг тодорхойлон томъёолсон гээд байгаа. Асуудал хууль ёсны мэт яригдаж байвч, цаана нь эрх ашгууд нуугдаж байж байж бас болохоор. Ямартай ч гуравдугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн зохион байгуулсан Улстөрийн намуудын төлөөллүүдийн уулзалт дээр Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар "...Намын санхүүжилтийн асуудлыг гарааны ижил нөхцөлтэй байлгахад чиглүүлмээр байна. Ардчилал хөгжсөн улс орнуудад улс төрийн намын зөв төлөвшил нь ардчиллын амин сүнс нь байдаг. Ардчиллаа зөв төлөвшүүлэхийн тулд санхүүжилтийг нь өөрчлөх хэрэгтэй. Намуудад хандив өгдөг том бүлэглэлүүд гарч ирээд төрийн бодлогыг өөрт ашигтайгаар өөрчилдөг шүү дээ. Энэ чинь төрийг буруу эргүүлээд байна. Улс төрийн тэгш оролцоог бий болгохын тулд намуудын санхүүжилтийг шийдэх хэрэгтэй.
Улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэг барих гэхээр босдоггүй. Намын байр босоод байдаг. Тэгэхээр зарим нам энэ байр савнуудаасаа улсад буцаан өгч, тэгш гараанаас тэгш өрсөлддөг баймаар байна гэсэн" юм. Түүний ийм байр суурийг дэмжигсэд олон байсан.
АН-ынхан харин ийм байдлаар намынхаа байрны асуудлыг шийдчихээд, өргөөнийхөө газрыг нэг хэсэгтээ зарчихаад сууж байгаа нь хэр шударга явдал болж таарах юм бол?
Б.Итгэлт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment