Thursday, May 16, 2013

Нууц материалыг гадныханы гар дээр тавилцсан эрхэм

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Унасан хүнийг өшиглөх муухай ч Монгол улсын 29 дэх Ерөнхий сайд С.Батболд энхийн цагаан тагтаа биш. Ёстой л Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн гүлдийгээд гэдэг үг зохьмоор нөхөр л дөө. Нэг л гэмгүй царайлсан цагаан захтай улстөрч  ч юм шиг, бизнесмэн ч юм шиг нөхөр гүлдийгээд л яваад байдаг. Ингэж гүлдийж явахдаа хийсэн ажил, байгуулсан гавъяа нь 20 мянган жил магадгүй түүнээс ч цааш үргэжлэх их гай зовлонг гардан дуудсан нэгэн.

Цөмийн эрчим хүч, цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эдийн засгаа хөл дээр нь босгоно гэх үгээр халхавч хийн эх орон, газар шороогоо цацраг идэвхт бодисоор бузарлах, ирээдүйг баллуурдах их ажлын өмнөтгөлийг тун сайн тавьсан гүлдгэр л дээ.

Удам угсаагаараа хэдэн зуун жил хараагдах зүйлийн шавыг тавьж байгаа хэдий ч түүнийгээ хариуцлагатай, хүндтэй үүргийг биелүүлж байна хэмээн хэлсэн нь түүнийг цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисын талаар үнэхээр мэдэхгүйдээ ийн хэлсэн үү, аль эвсэл мэдэн будилж ийн гүлдийв үү гэдгийг уншигч авхай та өөрийн бодлоор болгооно биз ээ.

С.Баярын тавьсан барилгын шавыг С.Батболд бэхжүүлнэ

Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа чамгүй их шавар зуурсан  С.Баяр биеийн байдлын улмаас ажлаа өгөх санал тавьсан нь С.Батболдын хувьд тэнгэрийн умдаг атгасан хэрэг байлаа. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан тэрбээр Намын дарга гэх эрхэм хэргэм Ерөнхий сайдын албатай цуг ирнэ гэж зүүдлээ ч үгүй байсан биз. Гэтэл сажилж явбал бүтнэ гэгчээр улстөрч хэмээн сажилж гүлдийсээр яваад нэг л өдөр Ерөнхий сайдын албан дээр мордож магнайгаа тэнийлгэсэн боловч үүнийг дагасан үүрэг хариуцлага их гэдгийг даанчиг ухамсарлаагүй. Намынхаа лидер хэмээн өөрөө өөртөө бат итгэсэн У.Хүрэлсүхийн уран панаалд автан намынхаа нэрийг хүртэл сольж, үүнийхээ шанд 2012 оны сонгуульд өрсөлдөгч хүчнийхэндээ 75-аар бууж өгсөн тэрбээр МАН /МАХН/-ын мөхлийг нэг мөсөн тодорхойлчихсон.

Гэхдээ 29 дэх сайдын тарьсан балаг үүгээр дуусахгүй. Энэ нь зөвхөн намын тогоон дахь асуудал боловч улс орон хэтийн хувь заяаг хөмөрсөн бас нэг асуудлын үрийг тарьсан нь дээр дурьдсан цөмийн эрчим хүч, шар нунтагийн асуудал байв.

С.Баяр түүнийг Ерөнхий сайд болох үед нь "Монголын гүйцэтгэх засаглалыг эдийн засаг мэддэг хүн удирдсан нь дээр. С.Батболд олон жил бизнес эрхэлж байсан туршлагатай эдийн засагч. Харин надад аливаа зүйлийг бизнес талаас нь харах чадвар дутуу байх шиг…" хэмээж байсан юм. Гэтэл С.Батболдын аливаа зүйлийг бизнес нүдээр харах нь хэрээс хэтэрч цацрагийн "панз үсэргэх" асуудалд шуурхайлан орсон байдаг.

Уг нь 2008-2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, цөмийн эрчим хүч, цөмийн технологийг ашиглаж эхлэх асуудлууд тусгагдаж С.Баяр хундаамыг нь тавьж С.Батболд бэхжүүлэх үүргийг хүлээсэн. Түүнийгээ "Цөмийн технологи-Монгол Улсын хөгжил" зөвлөлдөх уулзалтанд оролцох үедээ баталгаажуулан бахдалтайгаар, баяртайгаар зарлан тунхагласан гэдгийг Монголын ард түмэн мартаагүй.

Тэрбээр "...Цөмийн эрчим хүч ашиглах асуудал нь манай улсын эрчим хүчний хэрэгцээг хангах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд халгүй, хөнөөл багатай, аюулгүй технологи нэвтрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, цөмийн болон альтернатив эрчим хүчний эх үүсвэр, өндөр технологийн судалгаа явуулах, цацрагийн хяналтын шинжилгээ хийх, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, мэргэжилтнийг дадлагажуулан сургах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үндсэн чиг үүрэгтэй Цөмийн судалгаа, технологийн үндэсний хүрээлэнг  байгууллагын харъяалалд байгуулах асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж бодож байна.

...Өртөг зардал бага, хялбар бөгөөд дэвшилттэй технологи болох гүний уусгалтын технологийг нэвтрүүлэх боломжтой орд газрын ашиглалтыг тэргүүн ээлжинд эхлүүлэх нь зүйтэй. Эхний ээлжинд Хараат, Хайрхан, Дулаан Уулын ордуудыг нэрлэж болно.

...Төсвийн хөрөнгөөр хийх эрэл, хайгуул, судалгааны ажлын тодорхой хэсгийг цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор металлын судалгаанд зарцуулах хэрэгтэй. Энэ асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг анхааралдаа авахыг үүрэг даалгавар болгоно.

...Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажилд гадны хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх талаар Цөмийн энергийн газар, Төрийн өмчийн хороо, "Мон-Атом" компаниын удирдлагууд анхаарч ажиллах үүрэгтэй.

Тиймээс энэ бүх асуудал, бодлогоо ярилцаад цаашид тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллахад чадахгүй зүйл байхгүй. Идэвхитэй санаачилгатай ажиллаж байж бид амжилтанд хүрнэ. Бид хамтдаа чадна" гэсэн байдаг юм.

Нууцын зэрэглэлтэй материал задарсан нь

Үнэхээр С.Батболдод чадахгүй зүйл гэж байгаагүй бололтой. Тэд хамтдаа чаджээ. Тэрбээр Монгол улсын нууцын зэрэглэлд ч орж мэдэх нэгэн материалыг гадныханд өгчээ. Тэр материалыг нь монголын геологичид олж үзэж чадаагүй гэхээр хэр зэрэг нууцлагдаж байсан нь тодорхой. Гэтэл эл баримт бичгийг Сү. Батболдын Засгийн газрын үед Цөмийн энергийн газар задруулсан байна.

Эх орныхоо хэвлийд буй ураны талаар ба бэ-гүй мэдээлсэн эл баримт нь аль аймгийн аль сумын нутаг дэвсгэрт, хэдий хэр хэмжээний талбай хамран оршиж байгаа, ямар нөөцтэй гээд долоон булчирхайгаа тоочжээ. Ийн ирээдүй рүүгээ их буугаар буудах нөр их ажлыг гардан хийж, нууцын зэрэглэлийн шахам материалыг гадныхны гар дээр тавилцсан эрхэм Сү.Батболд эх орны минь гудамжаар инээд алдан алхах эрхтэй хүн мөн үү.