Monday, May 20, 2013

Б.Сарантуяа: Уучлаарай урлагчингууд аа, би хямдармааргүй байна

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа ийн бухимдлаа илэрхийлэв. Тэрбээр өнөөгийн урлагийн үнэ цэнэ "дуучин" нэр зүүсэн чадваргүй хүмүүсээс болоод ихэд унаж байгаа талаар ийнхүү ярьжээ. "Өнөөдөр хэн дуртай нь дуучин нэр зүүчихдэг болж. Тоглолт, арга хэмжээнд хүртэл үнэгүй очиж дуулаад бидний нэр төрийг уландаа гишгэж байна. Тиймээс би урьж залсан бүхэн рүү явдаггүй. Уучлаарай, урлагчингууд аа. Энэ тэр танил нөхөд, хандивын тоглолт руу битгий үсэрч очоод бай л даа. Бас өөртөө байхгүй хувцсыг өмсч, амьдарч үзээгүй хаустаа тухалж, авч чадахгүй байгаа машинаа унаж клип хийлгэхээ болимоор юм. Наадахыг чинь үзээд хүүхэд залуус "Өө, би гялс дуу дуулаад цомог гаргачихвал  ингэж тансаг амьдрах юм байна" гэсэн сөрөг ойлголттой болж байгаа.

Гэтэл бид ганц дуу бичүүлж, клип хийлгэхийн тулд их мөнгө зарцуулдаг. Тэгсэн мөртлөө томоохон байгууллага, компаниар уран бүтээлээ ивээн тэтгүүлэх гэхээр "Албан газруудын босго сахисан гуйлгачид" гэж доромжилдог юм билээ. Үнэхээр тэгж рок попынхон хандивын тоглолтг, гуйлгын арга хэмжээнд үнэгүй дуулах ёстой юм бол нэгмөсөн сүм байгуулчих л даа. Тэгвэл би очоод гэлэнмаа болоод суучихья, тэр нь дээр. Идэх хоол, өмсөх хувцас, худалдаа үйлчилгээ гээд бүх зүйл үнэтэй байдаг шиг рок попынхон ч гэсэн өөрсдийн гэсэн үнэ ханш тогтоох цаг нь хэдийнэ болсон. Шалдир булдир хэдэн охид хөвгүүдээс болоод би л лав хямдармааргүй байна шүү" хэмээн хатуухан анхааруулсан эрхэм дуучин маань нэлээд бухимдангуй байна лээ.

С.Цахиур

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment