Monday, October 24, 2016

Блумберг тв монголиа телевиз “мэдэгдэл”

Зарим хэвлэл, нийгмийн сүлжээнд "Bloomberg TV Mongolia 2013 онд 816 мянган ам.доллараар Хөгжлийн банкны сурталчилгааг хийсэн" хэмээн мэдээлж буй нь баримтаа гүйцэт нягтлаагүй, улс төрийн тодорхой нэг бүлгийн ашиг сонирхолд үйлчилсэн, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан танилцуулсан. Үүндээ "2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба "Блүүмберг ТВ"-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан" хэмээн дурдсаныг зарим хэвлэл, нийгмийн сүлжээнд нягтлалгүйгээр, нэг талыг барин туйлшран мэдээлж байна.

Монгол Улсыг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх зорилгоор "Inside Mongolia" цуврал сурталчилгаа бэлтгүүлж, нэг жилийн турш олон улсад цацуулах гэрээг 2013 онд Bloomberg LP компанитай Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк байгуулсан. Энэ хүрээнд Bloomberg Singapore Монголын талаар сурталчилгааг хөнгөлөлттэй үнээр дэлхий дахинаа цацсан болно. Төлбөрийг Монгол Улсын талаас Хөгжлийн банк Bloomberg LP компанид хийсэн гэдэг нь "шалгалтын дүн" гэх нийтлэлүүдэд хавсаргасан баримтаас тодорхой харагдаж байна.

Блумберг ТВ Монголиа дээрх арга хэмжээтэй холбоотой ямар нэгэн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкнаас аваагүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. 

Цаашид дээрх ташаа мэдээллийг ашиглан Блумберг ТВ Монголиа телевизийн нэр хүндэд халдахгүй байхыг энэхүү мэдэгдлээр дамжуулан анхааруулж байна.

Манай компани нь Bloomberg Television-ийн толгой компани болох АНУ-ын Нью Йорк хотод төвтэй Bloomberg LP-тай 2011 онд байгуулсан Лицензийн гэрээний дагуу, албан ёсны эрхтэйгээр тус компанийн барааны тэмдгийг Монгол улсад ашигладаг болно. Олон улсын хэмжээнд Bloomberg Television-ийн цацаж буй мэдээ мэдээлэл, аливаа контентийн агуулгад Блумберг ТВ Монголиа хариуцлага хүлээх ёсгүй.

Bloomberg LP нь дэлхий даяар 192 төв болон төлөөлөгчийн газар бүхий 19,000 ажилтантай олон улсын байгууллага бөгөөд Сингапур дахь төв нь Азийн бүс нутгийг хариуцан ажилладаг юм. 

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment